БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯРААР АХЛУУЛСАН ШУУРХАЙ БҮЛЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

85
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар өнөө өглөө нийслэлээс хөдөлсөн. Тэгвэл шуурхай бүлэг энэ цагт Баянхонгор аймагт ажиллаж, тус аймгийн онцгой комиссын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар санал солилцож байна.
Баянхонгор аймгийн тухайд зун өвсний гарц бага, намар оройтож нойтон цас орсны улмаас зудын нөхцөл байдал үүсч нийт 17000 гаруй мал хоргодож, аймгийн онцгой комиссын зудын эрсдэлийн түвшний үнэлгээгээр 11 суманд маш их эрсдэлтэй түвшинд үнэлэгджээ. Иймд цаг алдалгүй малчдад нэн шаардлагатай тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.