“ЦЭРГИЙН ЗАЛУУС ЦАЙЛЖ АМЖИЛГҮЙ ЭРГЭЭД МОРДЛОО”

76

Хаваржилт хүндэрсэн 20 орчим аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тэдний нэг хэсэг нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан бөгөөд тэд Дундговь аймгийн Мандалговь, Говь-Угтаал, Өлзийт, Гурвансайхан сумдад өвс тэжээл тээвэрлэх, зам давааг нээх үүргийг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас ахлах ахлагч Э.Батбаяртай утсаар холбогдож мэдээлэл авахад “Дундговь аймагт зарим хэсгээрээ цас их хэмжээгээр орж, хунгар үүссэн байна. Зарим хэсэгтээ говь учраас цас харьцангуй бага. Манай бүлгийн хувьд хоёр суманд зэрэг ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэж байна. Үүнээс гадна улсын болоод хувийн хэвшлүүдээс өвс тээвэрлээд явах замдаа цасанд боогдох, саатах эрсдлүүд бишгүй их таарч байна. Энэ бүхнийг татан гаргаж, осгож хөлдөх эрсдлээс малчдад тусалъя гэсэн зорилго нэгт нөхдөө хамгаалж байгаа. Дөнгөж сая гэхэд Өлзийт сумын Буянт багийн малчин Н.Нямаа гуайн гадаа өвс, тэжээл буулгаад эргэлээ” гээд дараагийн айлдаа аваачих өвсөө ачаалахаар сумын төв рүү давхиж яваагаа дуулгалаа. Манай цэргийн алба хаагчдын тусламж дэмжлэгээр малчин олны магнай тэнийж, талархлаа ч харамгүй илэрхийлсээр байгаа билээ. Цэргийн залууст талархал илэрхийлж, гараа далласаар үлдсэн малчин Н.Нямаа гуайтай холбогдож хаваржилтын талаар тодруулахад “Манай нутагт ингэж хүйтэрч байсангүй. Говь нутаг хэзээнээсээ дулаахан байдаг. Энэ жил харин онцгой хүйтэрч, мал ахуй багагүй хоргодлоо. Сая манай гадаа соёмботой “Зил-131”-ээр цэргийн хоёр залуу ирж өвс тэжээл буулгачихаад эргээд буцаад давхилаа. Нар шингэхээс өмнө хүрэх газар, очих айл олон байгаа гээд цай хоол ч тайван удаан идэж амжилгүй хөдөллөө. Зам мөр нь үргэлж дардан байгаасай гэж хүсэх байна. Баярлалаа, хүүхдүүддээ” гэсэн юм.