Монгол, Хятадын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг 2024 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Жан Баочүнь-тэй уулзаж, хоёр орны батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор цэргийн эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай асуудлаар ярилцлаа. Түүнчлэн ХАЧА-ийн 304 дүгээр эмнэлэг болон Хятадын Электрон технологийн компанийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баяр, “Монгол цэргийн өдөр”-т зориулан зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцов. Ташрамд дурдахад энэ онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны 30 жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна.