УЛСЫН ХЭМЖЭЭНД “КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

363

Дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед манай улсын хувьд ч гэсэн хөдөө орон нутгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн хэсгүүдийг чадавхижуулах цогц сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлэсэн. Тодруулвал Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах, байнгын бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж практик сургуулилтыг тогтмол хийж хэрэгжүүлж байна.

Ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад ажилласан бол өнөөдөр Хэнтий аймагт 2 өдрийн сургалтаа зохион байгуулж амйгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Хэнтий аймаг нь ажлын хэсгийн сургалт хийж буй 7 дахь аймаг юм. Тус аймаг нь газар зүйн байрлалаасаа хамааран Дорнод, Сүхбаатар аймгуудаар дамжин өнгөрч буй хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй бөгөөд корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 3 удаагийн салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийхэд “Дунд магадлалтай” эрсдэлтэй гарсан байна. Энэ тохиолдолд аймаг, нийслэлийн мэргэжлийн багууд идэвхижиж байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжтэй.

Ажлын хэсэг энэ оныг дуустал 21 аймгийн холбогдох мэргэжлийн бүх нэгжүүдийг сургалтанд зорилго, хүрэх үр днгийн талаар танилцуулга хийснээр сургалт өглөөний 9 цагт эхэлсэн юм. Сургалтаар коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх удирдлагын тогтолцоо, хяналт, эрсдлийн үнэлгээ, түүний харилцаа холбоо, олон эх сурвалжит мэдээллийн тандалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, хавьтлын судалгаа, хилийн нэвтрэх цэгийн хяналт зэрэг олон сэдвээр мэргэжлийн байгууллагууд сургалт, илтгэл практик сургуулилт зэргийг хослуулан явууллаа.

Хэнтий аймгийн ОБГ, МХГ, ЭМГ, Авто Тээврийн Төв зэрэг байгууллагууд “Ковид-19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамтын уялдаа холбоотой ажиллаж 1008 том оврын автобус болон 40553 иргэдээр асуумж судалгаа бөглүүлж хяналт тавьж ажилласан талаар аймгийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баасандорж хэлж байлаа.

Хоёр өдрийн сургалтанд Хэнтий аймгийн ХэАЗДТГ, МХГ,ОБГ, АЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох 120 гаруй мэргэжилтэнүүд хамрагдаж байна. Мөн тус аймгийн 18 сум, 4 тосгоны онцгой комиссын 80 орчим алба хаагчид цахимаар сургалтанд оролцлоо. Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгээр ахлуулсан баг ЭМЯ, УОК, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ зэрэг байгууллагуудын мэргэжилтэнүүдээр багаа бүрдүүлжээ.

Ажлын хэсгийн дараагийн сургалт хийх газар бол Дорнод, Сүхбаатар аймагууд байх юм байна.