“СЭЛЭНГЭ-2024” ЭХЭЛЛЭЭ

172

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2008 онд “Дархан”, 2011 оноос “Сэлэнгэ” нэртэйгээр хоёр улсын нутагт ээлжлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн.
Энэ удаагийн сургууль Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн 8 дугаар сарын 18-26-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах юм.
“Сэлэнгэ” сургууль нь хоёр улсын найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, зэвсэглэл-техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, сургуульд оролцож буй бие бүрэлдэхүүний ёс суртахуун, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм.
Тус сургуулийн нэр хүнд, цар хүрээ өргөжин, шинэ агуулгаар баяжиж, бие бүрэллдэхүүний мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, үүрэг гүйцэтгэх чадавх жилээс жилд улам бүр өсөн нэмэгдсээр байгаа нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүн юм.
Энэ удаагий сургуулиар Монгол Улс, ОХУ-ын хамтарсан цэргийн багууд анх удаагаа бүх төрөл мэргэжлийн цэргүүдийг оролцуулан жижиг бүлгийн хот доторх байлдааны ажиллагааг явуулж байгаагаарай онцлог юм.

Тус хээрийн сургуульд хоёр орны нийт 600 гаруй цэргийн алба хаагчид 120 нэгж техниктэйгээр оролцож байна. Сургуулийн удирдагчаар Монголын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Оросын талаас тус улсын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Никитин М.М нар томилогдон ажиллаж байгаа юм. Сургуулийн нээлтийн ёслолд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Агаарын цэргийн командлалын штабын дарга хурандаа Б.Энхзоргол, ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч дарга хурандаа Тараев И.С тэргүүтэй хүндэт зочид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.