Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын ажлыг хүлээлцэх, тамга, Цэргийн штабын удирдлагын баримт бичгийг хүлээлгэн өгөх ёслол Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгуулагдлаа. Энэхүү ёслолд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, дүүргүүдийн Цэргийн штабуудын нийт бие бүрэлдэхүүн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ үеэр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тус салбарын төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх суурь нь орон нутгийн цэргийн штабын ажиллагаа байдаг юм. Ер нь эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад хүч нэмрээ зарцуулах нь ямар онцгой вэ гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал ажил. Ялангуяа, улсын нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад зэвсэг, техникээс гадна иргэн бүрийн оролцоонд тулгуурладаг. Орон нутаг бүр, иргэн бүр Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болдог учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын ажлыг хүлээлцэх үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг юм. Улаанбаатар хот үргэлж мандан бадрахад та бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, тус хамт олонд амжилт хүсье. Батлан хамгаалах салбарын алба хаагчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Тиймээс эргээд энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг хамтран шийдэх нь чухал” гэв.