Home ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБА

ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБА

Цэргийн гэрээт  албаны түрүүч, байлдагч: Хугацаат цэргийн алба хаасан иргэн цэргийн гэрээт албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр байлдагч, түрүүчээр хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно.

Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүчээр алба хаах иргэн хүсэлтээ өөрийн биеэр цэргийн нэгтгэл, анги, байгууллагад гаргана. Дээрх хүсэлтийг харгалзан үзэж дараах шаардлагыг хангасан иргэнийг байлдагч, түрүүчийн албанд авна. Үүнд:

  • биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх;
  • бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
  • цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх;
  • хугацаат цэргийн алба хаасан байх;
  • бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • 29 хүртэлх настай байх.

Тавигдах шаардлагыг хангасан иргэнийг цэргийн анги, байгууллагын захирагч, дарга элсүүлж, гэрээ байгуулан албан тушаалд томилно.

Цэргийн гэрээт алба хаах гэрээнд дараах асуудлыг тусгана:

  • гэрээний хугацаанд алба хаах цэргийн нэгтгэл, анги, байгууллага, салбар, эрхлэх албан тушаал;
  • алба хаах хугацаа;
  • цалин хөлс, нэмэгдлийн хэмжээ;
  • талуудын эрх, үүрэг;
  • талуудын хүлээх хариуцлага;
  • гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа;
  • бусад асуудал.

 Цэргийн гэрээт алба хаах гэрээг 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.

Цэргийн гэрээт алба хаагч нь байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолтой байна. Тухайн анги, байгууллагын захирагч албан тушаалын зэрэглэлийн цолыг олгох эрхийг эдэлнэ.

Цэргийн гэрээт албанд алба хааж буй байлдагч, түрүүчийг төрийн албан тушаалын цалингийн сүлжээний дагуу төрийн тусгай алба хаагчдын цалин, олговол зохих нэмэгдэл /цол, онцгой албаны нэмэгдэл, удаан жил/-ийг офицер, ахлагчийн адил олгоно.

Гэрээгээр алба хаах хугацаа нь төрд ажилласанаар тооцогдож дараах хангамжуудыг эдэлнэ. Үүнд:

  • нийгмийн даатгал;
  • эрүүл мэндийн даатгал;
  • тусгай хувцас хэрэглэл;
  • эрүүл ахуйн шаардлаг хангасан хоол, хүнс, түүний хувьсах зардал;
  • ажлын болон амралтын байр;
  • цэргийн мэргэжил эзэмших танхим, сургалтын материал хэрэгсэлээр хангагдах асуудлыг тухайн Зэвсэгт хүчний анги, салбар бүрэн хариуцна.

Ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу биеэр эдлэн, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт жилд нэг удаа бүрэн хамрагдаж, шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх эрхтэй.

Цэргийн гэрээт алба дараахь тохиолдолд дуусгавар болно:

  • цэргийн жинхэнэ алба хаах гэрээний хугацаа дууссан;
  • эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
  • цэргийн гэрээт алба хаах насны дээд хязгаарт хүрсэн.

Цэргийн гэрээт алба хаах журмыг Засгийн газар батална. https://www.legalinfo.mn/annex/details/8211?lawid=13126 – цэргийн гэрээт алба хаах журмын талаарх мэдээллийг энэхүү линкээр авах бүрэн боломжтой.