Home Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах

Цэргийн дүйцүүлэх алба нь:

  • биеэр дүйцүүлэх;
  • мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна.

Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүр батална.

Засгийн газраас тухайн жилд тогтоосон цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал сум, дүүрэгт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батална.

Иргэнээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

Иргэнийг дараах шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж болно:

  • сүм, хийдэд албан ёсоор шавилан суугаа;
  • шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй болохыг цэрэг татлагын товчоо тодорхойлсон.

Иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргана.

Аймаг, дүүргийн Засаг дарга цэрэг татлагын товчооны саналыг үндэслэн иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж, алба хаалгах шийдвэрийг гаргана.

Аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб иргэнтэй цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэнэ.

Цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээнд дараах асуудлыг тусгана. Үүнд:

  • талуудын эрх, үүрэг;
  • талуудын хүлээх хариуцлага;
  • гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа;
  • гэрээ цуцлах нөхцөл;
  • гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  • бусад асуудал.

Цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээг 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.

Цэргийн штабын санал, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын шийдвэрээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэн дараах үүргийг гүйцэтгэнэ:

  • тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  • гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;
  • хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх;
  • улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;
  • хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
  • орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх;
  • улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох.

Аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга алба хаагч иргэнийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгслээр хангаж, үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Алба хаагч иргэн оршин суугаа газраасаа 5-аас дээш хоногоор гадагш явах тохиолдолд аймаг, дүүргийн цэргийн штаб, эсхүл сум, хороонд бүртгүүлнэ.

ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ СУРГАЛТ:

https://www.legalinfo.mn/annex/details/8373?lawid=13298 – ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ