АЛТАН МӨРДЭСТ ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

84

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүндэтгэлийн ажиллагааг нээж Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг эрхэм генералуудад Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 76 жилийн ойн баярын мэндийг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэв.

Мөн тэрээр “Монгол генералын өдөр”-ийн утга учир нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө мятаршгүй тэмцсэн гарамгай цэргийн жанжид, Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах хүчин чадавхыг нэмэгдүүлэхийн төлөө хөдөлмөр бүтээлээ бүрэн зориулсан алтан мөрдэстнүүдээрээ бахархах, хүндлэн дээдлэх, дайчин уламжлалыг нь үр хойчдоо өвлүүлэхэд чиглэгддэг юм. Эрхэм генерал цолтнууд та бүхэн удирдан зохион байгуулах авьяас билэг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, үлгэрлэл, манлайллаараа тэргүүлэгчид бөгөөд төр, түмнийхээ энэ их хүндэтгэлийг нэр төртэй дааж яваа цэрэг эрс гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхдээ таатай байна. Өнөөдөр бид бүхний залгамж халаа болсон цэрэг дайчид дэлхийн халуун цэгүүдэд мэргэжлийн ур чадвараараа гайхагдан, улс орныхоо их бүтээн байгуулалтад амжилт, бүтээлээрээ манлайлж байгаа бол энх цагийн эгэл баатрууд маань аюул осол, хэрэг зөрчлөөс ард түмнээ хамгаалах, авран тэтгэх ариун үйлсээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бахархан дуулгая” гээд Монгол Улсынхаа нийт генералуудад эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын нэрийн өмнөөс “Монгол генералын өдөр”-т зориулсан баярын мэндчилгээг уншиж танилцуулав.

Тэрээр “Алтан мөрдэст генералуудыг үеийн үед эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө залуу халуун насаа зориулсан “улс орны тусгаар тогтнолын баталгаа” хэмээн тодорхойлсон бөгөөд Монгол Улсын генерал гэсэн цэргийн дээд цолныхоо нэр хүндийг өргөж, ноён нуруутай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, улс үндэстнийхээ төлөө нэгэн биеэ зориулсан, залуу үеийн бахархан дуурайх үлгэр, эх оронч, үндэсний үзэл омогшлыг түгээн дэлгэрүүлэх гол цөм, хүмүүний сор болсон тэднээрээ үргэлж бахархаж явдаг” гэдгээ 76 жилийнх нь түүхт ойн энэхүү өдөр илэрхийлсэн юм. Мөн 1990-ээд оноос хойш үе үеийн парламентад генералуудын төлөөлөл сонгогдон салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулахын төлөө нүд чих нь болж , өндөр үүрэг оролцоотой ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цолыг хүртээв. Тодруулбал,Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал болон Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболд нарт Бригадын генерал цол тус тус хүртээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга хүндэтгэлийн ажиллагаанд оролцож буй нийт генералуудад хандан “Эх орныхоо тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм генералууд Та бүхэнд “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье.

Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, эгэл түмэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн “нууц” нь болсоор иржээ.

Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генерал, офицерууд энэ уламжлалыг ямагт нэр төртэй сахин хадгалсаар байна.

ХХ зууны дунд үед буюу 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг манай улсад бий болгожээ. Улмаар “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон түүхтэй юм.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генералуудаар бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү баярын өдрийг жил бүр тэмдэглэх нь иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Ийм ч учраас “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Сүрэнхорлоогийн Дашзэвэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чимэдгочоогийн Цогтжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Нямбуугийн Ганболд нарт өнөөдөр Бригадын генерал цол хүртээж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Баяр хүргэе!

Энэхүү эрхэм хүндтэй цолыг цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ажил албаны дадлага туршлага, албан тушаалынхаа зэрэг дэв зэрэг тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар олгодог нь нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл юм.

Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, хууль сахиулах тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тэнд алба хаагчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл байсаар ирсэн, цаашид ч энэ бодлого тууштай үргэлжлэх болно.

“Мянган цэргийг олоху дор хялбар, Нэгэн жанжинг олохуй дор бэрх” хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Монгол Улсын генерал хэмээх цэргийн дээд цолтнуудаас БНМАУ-ын төрийн тэргүүн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, УИХ (АИХ)-ын гишүүд, төрийн сайд, сансрын нисгэгч, эрдэмтэн мэргэд, анхны энхийг сахиулагчид, цэргийн дипломат ажилтнууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, үе үеийн алдар, суутнууд төрөн гарсан нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэн харуулж байна.

Генерал хүн бол төрийн сүлдээ тэргүүндээ залсан нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний мөс, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг учраас бүх талаар өв тэгш боловсорсон манлайлагч байх учиртай юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлт, дэлхий дахины энхийн үйл хэрэг, энх цагийн их бүтээн байгуулалт, улс орны хөгжил дэвшилд албан үүргээ гүйцэтгэж буй болон бэлтгэл, чөлөөнд байгаа эрхэм генералууд Та бүхний оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг үлэмж их билээ.

Ялангуяа улс орны хөгжлийг хурдасгах төмөр замын их бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, үүгээр дамжуулан алба хаагчид мэргэжлийн чиг хандлагаа олох, нийгмийн асуудлаа шийдэх зэрэг бодит үр дүн гарч байгаа нь батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлогын нэгэн чухал ололт, мөн дэвшил юм.

Энэ ч утгаараа Та бүхэн холч мэргэн ухаан, сэтгэлгээний цар хүрээ, удирдан зохион байгуулах чадвараараа өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, төр түмнийхээ итгэл найдварыг хүлээсээр байгаад Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд талархалтай хандаж, цаашид ч бүх талаар дэмжин ажиллах болно.

Эх орноо, иргэн түмнээ батлан хамгаалагчдын манлай нь болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Дашрамд, БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн хувьд дэлхий даяар тархсан цар тахлын улмаас тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулаад байсан бөгөөд өнөөдөр ийнхүү  ёслон өнгөрүүлж байна.