ТҮҮХТ ОЙГОО ОЛОЛТ, АМЖИЛТ, ОЛОН БҮТЭЭЛЧ АЖЛААР УГТААРАЙ ГЭВ

57

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 334 дүгээр ангид ажилласан талаар мэдээлсэн. Тэрээр үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллалаа. Батлан хамгаалахын сайдыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар угтан авч, бие бүрэлдэхүүн жагсан хүндэтгэл үзүүллээ. Бригадын генерал Б.Амгаланбаатар Хуурай замын цэргийн командлалын үүрэг гүйцэтгэл, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөсөн ажил зэргийг танилцуулж, санал солилцсон юм.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр албан тушаалтнуудын ажлын орчин нөхцөл, сургалт, хурлын танхим, бялдаржуулах төв, алдарын тасалгаа, номын сан зэрэгтэй танилцлаа. Мөн орон нутаг дахь хуурай замын цэргийн ангиудтай цахимаар холбогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан эсэх талаар тодруулан төгсгөлд нь хүн бүр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, санаачилга, идэвх дүүрэн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарахыг захисан.

Тэрээр үргэлжлүүлэн тус командлалын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, ирэх дөрвөн жилд баримталж ажиллах бодлого, зорилтоо танилцуулж, тодорхой үүрэг өгсөн юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэхдээ “Хуурай замын цэргийн командлал нь орон нутагт шилжин байрласнаас өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтны ажиллах орчин, нөхцөл, бололцоог бүрэн утгаар нь хангасан байна. Та бүхэн идэвх санаачилга дүүрэн байгаа нь анзаарагдлаа. Цаашид хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагчид ийм тохитой орчинд ажиллах ёстой. Миний хувьд салбарын хууль, эрх зүйн орчныг улам сайжруулан, түүнийг хөрсөн дээр нь хэрэгжүүлэх, зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний ажиллах, орчин нөхцөлийг нь дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг нь дэмжих, зэвсэглэл техникийг шинэчлэх гэсэн томоохон бодлогын хүрээнд ажлаа чиглүүлж байна. аймаг орон нутгийн дэмжлэгээр зарим объектоо засварлаж шинэчлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа зэвсэгт хүчний ангиуд цөөнгүй байгааг талаар бригадын генерал Б.Амгаланбаатар мэдээл өгсөн. Би өөрөө ч очиж танилцсан. Цаашид бид үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлаа улам дээшлүүлж, бүх түвшинд сахилга, хариуцлагатай, санаачилгатай ажиллахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд удирдлагын арга барил, алба хаагчдын итгэл, зүтгэл маш чухал. хуурай замын цэрэг өөрөө маш том салбар. Зэвсэгт хүчний дийлэнх олонхийг бүрдүүлдэг. Том салбар учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангах нь нэн тэргүүний асуудал. Хуурай замын цэргийн командлал болон нэгтгэл, ангиудын удирдлагууд үүнд онцгой анхаарах нь чухал. Нөгөө талаар ирэх жил орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохионо. Түүхт ойгоо бид амжилт дүүрэн угтах ёстой. Үүний тулд дор бүрнээ хичээж ажилла, бүтээлч ажил, үйл ажиллагаа олныг хэрэгжүүлээрэй” гэж захиад бие бүрэлдэхүүний цаашдын албанд өндөр амжилт хүслээ.

Батлан хамгаалахын сайдын хамт Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ын СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай нар ажиллав. Мөн уулзалтад зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангиудын захирагч нар, Төв аймгийн удирдлагууд,  ЗДТГ-ын Цэргийн штабын холбогдох албан тушаалтнууд байлцсан юм.