ТАЛАРХАЛ

28

Цэргийн төв эмнэлэг нь Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн коронавируст халдвар “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын дагуу тус эмнэлэгт гадаад орнуудаас ирсэн Монгол Улсын иргэд болон дотоодын халдварын сэжигтэй тохиолдолтой 1600 гаруй иргэдийг тусгаарлан ажиглалт, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хэрэгжүүлэн ажилласан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/547, А/279 тоот эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах тухай хамтарсан тушаалын дагуу коронавирусын халдвартай иргэдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус өдрөөс эхлэн Монгол Улсад коронавируст халдвар “COVID-19”-ийн батлагдсан тохиолдолтой 453 хүнийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа ба 228 хүнийг бүрэн эдгээж, дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлсэн.

Улс оронд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Монгол Улсын засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын Г.Сайханбаярын санаачилгаар нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын аян өрнүүлэн тус эмнэлгийн шинэ, хуучин он солигдох мөчид ажиллах 116 эмч, сувилагч, ажилчдын ар гэрт хонины мах, чацарганы шүүс, маск хандивлалаа.

Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа С.Ганбямба, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр нар зохион байгуулж, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, нийслэл болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олны хандив болох 4.650.000 төгрөгийн нэг удаагийн хамгаалалтын хувцас, маскийг хүлээн авсан.

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан даргатай хамт олноос 10 ажилтны ар гэрт дэмжлэг үзүүлж, 10 хонины мах, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын их сургуульд суралцаж буй эмнэлгийн архивч О.Оюунсүрэнгийн хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлсөн эрхийн бичгийг тус тус олгож, дэмжлэг үзүүллээ.

Байгууллага болон бидний ар гэрт сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэн та бүхэнд баярлаж, талархсанаа илэрхийлээд, та бүхний итгэл, найдварыг алдахгүйн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчийн баталгаа болгож, боломж, бололцоо, бүх хүчин чадлаа дайчлан ажиллахаа илэрхийлж байна.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ