ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ХАНДИВ ГАРДУУЛАВ

100

“Ковид-19” цар тахал дотоодод тархаж буй энэ үед халдварын голомтод цаг наргүй ажиллаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хичээл зүтгэл гаргаж буй Цэргийн төв эмнэлгийн хамт олонд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олноос 4.6 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн нэг удаагийн хамгаалах хэрэгслийг хандивлалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр “Цар тахлаас үүдэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед бид Цэргийн төв эмнэлгийн хамт олонд хандив өгөх аяныг эхлүүлсэн. Тус аяны хүрээнд өдөр, шөнийн алинд ч өндийх завгүй үүргээ баатарлагаар гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний тодотголтой эмнэлгийн хамт олонд шаардлагатай тусламжийг хүргэхийг зорилоо” гэсэн бол Цэргийн төв эмнэлгийн штабын дарга, хурандаа Д.Ганболд “Юуны өмнө баярлаж буйгаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд Цэргийн төв эмнэлэгт 500 орчим өвчтөнг хүлээн авч 200 орчмыг нь бүрэн эдгээж чадсан. Энэ хүнд нөхцөлд та бүхэн тусламжийн гараа сунгаж байгаа нь тун нүдээ олсон үйл явдал боллоо” гэв.

Мөн тус эмнэлгийн хамт олонд Монгол Улсаас Япон Улсад цэргийн сургуульд суралцаж төгссөн болон суралцаж буй нийт офицер, сонсогчид, Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе нар нийлэн хандивын аяныг өрнүүлж 1.3 сая төгрөгийн өртөг бүхий 120 ширхэг хамгаалалтын хувцсыг гардуулан өглөө.