АГААРЫН ЦЭРГИЙН ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

1024

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг нар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр командлалынхаа үйл ажиллагааг танилцуулж, агаарын цэргийн үндсэн болон тайван цагт хуулиар хүлээсэн үүргүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар мэдээлэл өгөв. Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга танилцуулгатай уялдуулж зарим асуудлын талаар тодруулсан бөгөөд Агаарын цэргийн командлагчийн зөвлөлийн гишүүд холбогдох чиглэлээрээ тодорхой харилт өгсөн юм.

Дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ “Ажлаа хүлээн аваад Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу баруун бүс дэх анги, салбаруудад ажилласан. Ингэхдээ Агаарын цэргийн зарим анги, салбарын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаад буй хүндрэл, бэрхшээлүүдийг тодорхой хэмжээгээр ойлгож, мэдэрсэн. Ялангуяа, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах ая тухай орчин нөхцөлийг сайжруулах, зэвсэглэл, техникийн үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг анзаарсан” хэмээн онцолсон. Мөн тэр бээр тулгамдаж буй асуудлуудаа цаг хугацааны хувьд эрэмбэлээд, тухайн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага, түүний үр дүнг бодитоор тооцоолон танилцуулга бэлтгэж яамны удирдлагуудад хүргүүлэхийг үүрэг болголоо.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг “Өнгөрсөн жилүүдэд Агаарын цэргийн зэвсэглэл, техникийг сайжруулахад чиглэсэн зарим төлөвлөгөөт ажил тодорхой шалтгааны улмаас хэрэгжээгүй тал бий. Агаарын цэргийн зэвсэглэл, техникийн чанар муудсан, хоцрогдсон гэдгийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага бүрэн ойлгож, мэдэрч байгаа. Тиймээс дээрх асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх, шинэ бүтээлч санаачилгыг дэмжих чиглэлээр Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас энэ онд тодорхой хөрөнгө зарцуулахаар шийдвэрлэсэн” гэж онцолсон юм.

Дашрамд дурдахад, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд БХЯ нь “Монгол Улсын Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ” гэсэн тэргүүлэх зорилтын хүрээнд есөн дэд зорилт, 48 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасны гурван томоохон ажил нь Агаарын цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгджээ.