БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЭНХИЙГ САХИУЛАГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

105

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд БНӨСУ-д явагдаж буй НҮБын “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатар, Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, мөн ХБНГУын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Амартүвшин нар үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны цагийн байдлын талаар тус тус илтгэлээ.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Юуны өмнө дэлхий нийт “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаа амаргүй цаг үед Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид Төр, засгийнхаа шийдвэрээр дэлхийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Ажиллагааны газар оронд үүсэж байгаа нөхцөл байдалд маш мэдрэмжтэй хандаж, өдөр тутмын мэдээллүүдийг нэгтгэн цэргийн алба хаагчдаа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд цэргийн багуудын захирагч, удирдлагын бүрэлдэхүүнд албан даалгавар, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын төгсгөлд энхийг сахиулагчдад хандан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн амжилт хүсэж, удахгүй тохиох Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн юм.