ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДЭГ ЖУРАМ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

19

Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн өргөтгөсөн хоёрдугаар хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанд БХЯ-ны газрын дарга нар, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, ҮБХИС-ийн удирдлагууд оролцсон бөгөөд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хуралдааныг удирдан явуулсан юм. Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын сайдын баталсан 4 дүгээр сарын 2-ны өдрийн удирдамжийн дагуу Улаанбаатар цэргийн хүрээний, тэр тусмаа хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудад ажилласан талаарх тайлантай танилцав. Тодруулбал, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналтшинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр нараар ахлуулсан ажлын дөрвөн хэсэг энэ сарын 2-5-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 013, 014, 015, 017, 029, 119, 120, 311, 326 дугаар ангиудын хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний алба хааж буй орчин нөхцөлтэй танилцан санал сэтгэгдлийг нь сонссоноос гадна тэднээс судалгаа авчээ. Судалгаанд 800 гаруй хугацаат цэргийн алба хаагч хамрагдсан бөгөөд 97- оос дээш хувь нь удирдах дарга нар цэргийн албаны дүрмийн дагуу ёс зүйтэй харьцдаг, ямар нэгэн дарамт шахалт байдаггүй, албандаа сэтгэл хангалуун байна гэсэн дүгнэлт өгснийг хурандаа Ж.Болдбаатар онцоллоо. Түүнчлэн аливаа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад сэтгэл зүйн болон хуулийн баг ажиллуулах, “Иргэний зөвлөл” байгуулах тухай хэлэлцэж, ойрын хугацаанд дээрх чиглэлүүдээр ажиллах журам боловсруулан ажлуудыг эхлүүлэх шийдэлд хүрлээ. Хурлын төгсгөлд Батлан хамгаалахын дэд сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн дарга Б.Баярмагнай ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, нэгтгэл, анги, байгууллагын сахилга, дэг журмын байдалд бодит судалгаа, дүн шинжилгээ хийж, хүний эрхийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлж, Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам, дэглэмийг чанд мөрдөх, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын алба, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ үнэлгээний газартай хамтран хугацаат цэргийн алба хаагчтай анги, салбаруудын цэргийн албаны зохион байгуулалт, хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүнг танилцуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тодотгол хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг чангатгах ажлын нэмэлт төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хугацаат цэргийн алба хаагчидтай явуулах соёл хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөг сайжруулах, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, ажлын хариуцлага алдсан алба хаагчдад тухай бүр нь арга хэмжээ авч, архидан согтуурсан, харьцааны зөрчил гаргасан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцож, бүх шатны дарга, захирагч нарын сахилга хариуцлагыг өндөржүүлэх үүрэг чиглэлүүдийг өглөө.