МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ЧИН СЭТГЭЛ, ЭРЭЛХЭГ ЗОРИГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЬЕ

36

Жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцуулсан алба хаагчдынхаа тоогоор дэлхийд 23 дугаарт жагсаж буй Монгол Улсын хувьд эл өдөр чухал ач холбогдолтой өдөр юм. 2021 онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй нь энэхүү өдрийг тэмдэглэх учрыг улам илүү өргөн агуулгатай болгож байна.

НҮБ нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Монгол Улсаар туйлын бахархдаг. Монгол Улс дэлхийн өнцөг булан бүр дэх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийт 18.000 гаруй, үүний дотор 732 эмэгтэй цэргийн алба хаагчаа илгээгээд байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 1100 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь НҮБ-ын бүрэн эрхийн хүрээнд БНӨСУ дахь мөргөлдөөний бүсэд аюулгүй, тайван орчныг бүрдүүлэх, энгийн иргэдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монгол дахь НҮБ-ын нэрийн өмнөөс нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, энхийг дэмжих зорилгоор дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж буй Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад гүн талархал илэрхийлье.

Энэ жилийн Олон улсын энхийг сахиулагчдын өдрөөр НҮБ-аас залуу энхийг сахиулагчдын гүйцэтгэж буй үүрэг оролцоонд өндөр ач холбогдол өгч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтэд онцолсоны нэгэн адил миний бие ч монгол энхийг сахиулагчид, түүний дотор залуу эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдахыг хүсэж байна.
Өнөөдөр төдийгүй өдөр бүр бид улс орнуудыг дайнаас татгалзуулах, дэлхийн хамгийн зөрчил, мөргөлдөөнтэй бүс нутагт аюулгүй, тогтвортой ирээдүйг бий болгоход нь туслах үүрэг гүйцэтгэж ирсэн Монголын энхийг сахиулагчдын чин сэтгэл, эрэлхэг зоригт хүндэтгэл үзүүлье.

Дэлхий дээр газар бүр энх тайван тогтнож, тогтвортой хөгжлийн зорилгод тусгагдсан хүний эрх, нэр төр, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн замыг нээж өгөх болтугай. Түүнчлэн Монгол Улс тогтвортой энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн замыг бүс нутагтаа, дэлхийн хэмжээнд үлгэр жишээ болгон харуулж байна гэж үзэж байна.
Энэхүү онцгой өдөр нийт Энхийг сахиулагчдад гүн хүндэтгэл илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг билээ.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч ТАПАН МИШРА