ҮБХИС-ИЙН ОЮУТАН ХҮНИЙ АЛТАН АМЬ АВАРЛАА

42

Энэ сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Хэрлэн голд живж байсан 3 хүний амийг ҮБХИС-ийн АБДС-ийн ЭЗМТ-ийн М1-201 ангийн оюутан Э.Баянхүү аварчээ. Тэрээр голд живж байсан хоёр охины амийг аврахын хамт тэднийг аврахаар араас нь орсон нэгэн залуугийн амийг ч мөн аварчээ. Тухайн үед Хэрлэн голын үерийн түвшин 13 сантметрээр даван үерлэж байсан аж.

     Оюутан Э.Баянхүүгийн хувьд, хоёр жилийн өмнө найзыгаа аварч байсан бол 20 гаруй хоногийн өмнө нэгэн найзынхаа ахыг бас уснаас авран гаргаж байжээ. Тэрээр “айхаа мартаад живэх нь байна, аврах л ёстой гээд шууд гүйсэн дээ” гэж утсаар ярив.

     Эх орон, эр зориг, эрдэм мэдлэгээр өөрийгөө ийн илтгэх зоригт хөвгүүд энэ их сургуульд олноороо суралцдаг юм. Түүний нэг нь яалтчгүй Э.Баянхүү юм. Тэрээр сагс, гар бөмбөг, теннис, биллиардаар хичээллэх дуртай, спортод элэгтэй нэгэн юм байна. Ирэх хичээлийн жилдээ Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн ангид суралцахаар зорилго тавин суралцаж байгаа аж. Тэрээр хүн бүрт үлгэр дуурайлал үзүүлсэн цэргийн чадварлаг мэргэжилтэн болохыг хүсэж мөрөөдөж явдаг байна.