ХОЛЫН ЗАЙД ГҮЙЖ ЯВАА АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

34

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүлэх ёслолыг энэ сарын 5-ны өдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгууллаа.

Монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг илтгэн харуулж, Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот, Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд 2100 гаруй километр замыг өөрийн гүйлтээр туулж яваа эрхэм ахлагчид хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм.

Ёслолын ажиллагааны эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц илтгэл өгсний дараа ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ёслолын ажиллагааг нээж үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ: “Өнөөдөр Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлж байгаа бодлого, зорилтуудыг шийдвэрлэхэд хүний хүчин зүйлийн үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж, цэргийн алба хаагчдаас мэргэжлийн өндөр ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлийг шаардах боллоо. Зэвсэгт хүчний хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэрэгжлийн спортын болон нийтийн биеийн тамир, спортын уралдаан, тэмцээнд хот, хөдөөгийн нэгтгэл, анги, салбаруудаас оролцогчдын тоо үлэмж нэмэгдэж, тэр ч чанараараа тэдний өрсөлдөх чадвар, тэмцээний явцад үзүүлж буй амжилт, эцсийн үр дүн нь улам бүр сайжирч байгааг онцлох учиртай. Тэр ч утгаараа манай бие бүрэлдэхүүнээс өөрийн мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, спортын хэд хэдэн төрлөөр зэрэг хичээллэж, төрөл бүрийн секц, дугуйлан, чийрэгжүүлэх төвд олноор хамрагдах, хол, ойрын зайд гүйх, дугуйтай аялал хийх, ганцаарчилсан болон бүлгийн зохион байгуулалтаар өглөөний идэвхтэй гүйлт дасгал, хөдөлгөөнийг тогтмолжуулах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд ихээхэн ахиц гарч байна. Тэрхүү амжилт бүхний нэгэн бодит жишээ нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцын гаргаж буй санаачилга, идэвх, зүтгэлээр улам бүр баталгаажиж байна” гэдгийг онцолсон юм.

Үүний дараа ЗХЖШ-ын Сургалтын бодлого зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ Зэвсэгт хүчний Цэрэгжлийн спортын амжилтын талаар товч мэдээлэл хийв.

Энэхүү ёслолын үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үг хэлж, Батлан хамгаалах яамнаас олгосон мөнгө дэмжлэг болох 5 сая төгрөг, цэргийн дүрэмт хувцсыг гардуулан өгсөн.

       

Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар Спортын мастер цол, ЗХЖШ-ын даргын тушаалаар “Зэвсэгт хүчний Биеийн тамир, спортын алдар” медалийг хүртээснийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг гардууллаа.

Үүний дараа ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын тэргүүн ахлагч нараас  цуглуулсан хандивыг ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр ахлах ахлагч Э.Даваажамцад гардуулж, амжилт ерөөв.

Тэрчлэн ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг “Бие амьтай яваарай, зэвсэг амьтай яваарай” гэдгийг тодотгоод гүйлтийн явцад ашиглаж, цаашид Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн сургалт бэлтгэлд ашиглах сургалтын зориулалттай автомат бууг хүлээлгэн өгсөн бол 5.11 брэндийн дистрибьютер “Бродэр Мэрчантс” компанийн захирал Б.Тамир, Иргэний нисэхийн Ерөнхий газрын хамт олныг төлөөлж, Индра нар гарын бэлэг гардууллаа.

Үүний дараа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц талархал илэрхийлж үг хэлсэн бөгөөд тэрээр өөрийн эзэмшсэн хөгжмийн зэмсгээр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй хамтран Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпилийн “Арван есдүгээр марш” аялгууг тоглосон нь бас нэгэн сонирхолтой агшин байлаа.

       

Ёслолын ажиллагааны төгсгөлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн гоцлол дуучин Д.Мөнхбат Гавьяат жүжигчин, хурандаа Н.Чулуунхүүгийн хөгжим, хурандаа Л.Төмөрбатын шүлэг “Цэрэг эрс” дугаар ая дууны дэвшүүлсний дараа ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн яруу тунгалаг аялгуу дор Дорнод аймгийн чиглэлд гүйх гараанд нь хүндэтгэн үдлээ.

       

Ахлах ахлагч Э.Даваажамц нь энэ оны 2 дугаар сараас хойш тогтмол давтамжтайгаар идэвхтэй бэлтгэлийг хийж, өөрийгөө сорьсны үндсэн дээр өөрийн ангийн удирдлагад саналаа илтгэн ЗХЖШ-ын дарга, удирдлагаас зөвшөөрөл авсан бөгөөд Ховд аймаг Улаанбаатар хотын чиглэлд холын зайн гүйлтэд гарч, 34 дэх өдрөө гүйж, Нийслэл хотдоо ирсэн. Тэрээр ийнхүү гүйх явцдаа анх төлөвлөсөн маршрутынхаа зай, хэмжээг нэмэгдүүлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд гүйх шийдвэрийг гаргасныг ЗХЖШ-ын удирдлага дэмжсэн юм.

Түүний энэхүү гүйлтийн гол зорилго нь өөрийн эх оронд холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоох, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймгийн 90 жилийн ой болон ирэх жил тэмдэглэх Ховдын хорооны 100 жилийн ойд бэлэг барих, монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг иргэд, залуучууд, өсвөр үеийнхэнд сурталчлан өөрийн биеэр үлгэрлэн харуулахад чиглэгдэж байна.

Ахлах ахлагч Э.Даваажамцыг анх гараанаас гарахад нь Ховд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын ажилтнууд, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн хүндэтгэлтэйгээр үдэж байсан бол гүйлтийн явцад Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Зэвсэгт хүчний 325, 339, 256 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, зарим төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисны үндсэн дээр угтан авч, хүндэтгэн үдэж, амжилт ерөөж байсныг энд онцолъё.

     

Ташрамд, Зэвсэгт хүчний Жанжин штабаас мөрдэс нэгт дайчин нөхрийнхөө эр зориг, тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлэн сэтгэлийн дэм үзүүлж, хандив өргөхийг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, нийт бие бүрэлдэхүүнд уриалсан бөгөөд энэхүү хандивыг тун удахгүй ахлах ахлагч Э.Даваажамцад гардуулан өгөх болно.

Хурандаа Б.ОТГОНБАЯР