ҮБХИС-ИЙН 91 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТ БОЛЛОО

82

Монгол Улсын боловсролын ууган байгууллага, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 91 дэх удаагийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ өчигдөр тус сургуулийн хээрийн сургалтын төвд боллоо.

Энэ удаагийн төгсөлт нь Монгол Улсын Батлан хамгаалах яам үүcсэний 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулгадсаны 100, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн тэгш ой тохиосон түүхэн цаг үед болж байгаагаараа онцлог юм.

Төгсөлтөөр ҮБХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академи, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн коллеж, Батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгч залуус цэргийн мэргэжлийн боловсролын диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань улс орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж байна. Цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагч болно гэдэг нь цэргийн дүрэмт хувцас, цолны төлөө биш, харин эрдэм мэдлэг, ажил алба, цэргийн мэргэжил, Зэвсэгт хүчин, эх орныхоо төлөө байж, цэргийн хөдөлмөр, цэргийн амьдралын утга учир нь болж, Эх орноо батлан хамгаалах үйл хэрэг, ард түмэн, төрийнхөө өмнө өргөсөн цэргийн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, өмнөө тавигдсан үүргээ нэр төртэйгөөр мадаггүй биелүүлэхэд л оршиж байдаг юм. Иймээс та бүхэнд Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн хүндэтгэж, өргөсөн цэргийн тангаргаа чанд сахин биелүүлж, даян дэлхийн энхийн үйлс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сурсан эрдэм мэдлэг, сэтгэл оюунаа бүрэн зориулж ажиллахыг хүсэн ерөөж, төгсөгчид та бүхэнд дахин баяр хүргэж, амжилт хүсье” гэв.

ҮБХИС нь сургалтын үр дүнг эрчимжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, далайцыг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн цэргийн мэргэжлийн бакалаврын 4 жилийн хөтөлбөрийн тогтолцоонд шилжих, түүнчлэн сургалтын хөтөлбөрийг орчин үед тавигдаж буй шаардлагад нийцүүлэн шинэчлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.