БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

54

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд боллоо.Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явагдах тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон оролцогч байгууллагуудын удирдлага, баг тамирчид оролцлоо. Энэ сарын 10-12-нд явагдах тус тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, Тагнуулын Ерөнхий газар, ХХЕГ, ОБЕГ зэрэг 12 байгууллагын 120 орчим тамирчид оролцож байна. Тамирчид мэргэн буудагчийн, гар бууны, карбины, холимог, байгууллагуудын удирдлагын гэсэн төрлүүдээр цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Энэ жилийн тэмцээнийг ЗХЖШ удирдан зохион байгуулж байна.