Хугацаат цэргийн албаны нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ

101
Хугацаат цэргийн албаны нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар захирамжаар “Хугацаат цэргийн албаны нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэн, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох, мэргэжил, боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлох, санал дүгнэлт боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Энэхүү ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж байгаа буюу бүрэлдэхүүнд ЕТГ, ҮАБЗ, БХЯ, БШУЯ, ХНХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТЕГ, ТТХГ-аас удирдах албан тушаалтнууд багтжээ. Ажлын хэсгийн гол зорилго нь хугацаат цэргийн албаны хэлбэр, алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах, тоог нэмэгдүүлэх, цаашид хэрхэн үр ашигтай байлгах вэ гэдэгт чиглэгдэх аж. Уг ажлын хэсгийг “Бүтээлч” ажлын хэсэг байж, залуучууд руу чиглэсэн, иргэн цэргийн харилцааг бэхжүүлсэн, алба хаагчдад чанартай мэргэжлийн боловсрол олгох, цэргийн албанд залуус өөрийн хүсэл тэмүүллээрээ татагддаг байдлыг бий болгох шийдвэрүүдийг гаргана гэдэгт итгэж буйгаа хурлын үеэр салбарын сайд тодотгосон юм. Цэргийн алба гэдэг эр хүнийг бэлтгэхээс гадна эцэг хүнийг бэлтгэж байдаг. Тиймээс ажлын хэсгийн гишүүд сургалтын системийг өөрчилж, хүн төвтэй, залууст насан туршид нь хэрэг болохуйц шийдвэрүүдийг гаргахыг зорьж байна. ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нар маш оновчтой бодлогын саналуудыг танилцуулсан. Тухайлбал залуусыг хугацаат цэргийн алба хааж байх хугацаандаа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг түшиглэн энгийн мэргэжил эзэмшүүлэх, хувь хүний хөгжил, гэр бүл төлөвлөлт, хөдөлмөрийн харилцаанд оролцох шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн бол намрын чуулганаар БШУЯ-аас Боловсролын тухай багц хуулийн төсөл өргөн барьж байгаа. Тус хуулинд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт сурагчдад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгохоор тусгажээ. Түүнчлэн БШУЯ, ЗХЖШ-тай хамтран их дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулах, хугацаат цэргийн алба хаагчдад монгол, англи хэл, мэдээлэл зүйн хичээлүүдийг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газартай хамтран хэрэгжүүлэх боломж байгааг хэлж байна.