БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

66

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж цаг үеийн асуудал, иргэдээс гаргасан шаардлага, хүсэлтийг авч хэлэлцлээ. Энэ үеэр хэмнэлтийн горимоор ажиллах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна. Тус хурлаас гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалах яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нартай өнөөдөр өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж салбарын хэмжээнд төсөв хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг чангаруулж, зардал хэмнэх талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:
1.Том оврын жийп авто машины хот доторх хэрэглээг зогсоох;
2.Тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээг хэмнэлттэй, ухаалаг зарцуулалттай, төсөв, хөрөнгө шаардахгүй хэмжээнд тэмдэглэх;
3.Өдөр тутмын үйл ажиллагаанд гарч байгаа зардлууд /ус, цахилгаан, халаалт, бичиг хэрэг гэх мэт/- ыг боломжит дээд хэмжээгээр хэмнэх;
4.Шинээр автомашин, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авахгүй байх;
5.Албан томилолтоор ажиллах бүрэлдэхүүнийг цомхон бүрэлдэхүүнтэй болгох, үйл ажиллагааг нь нэгтгэх, үр бүтээлийг нь нэмэгдүүлэх зэргээр төсөв, зардлыг хэмнэх талаар тодорхой үүрэг өглөө.