БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД РАЖНАТ СИНГХИЙН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

72

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх манай улсад 09 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарын хоёр талын уулзалт боллоо.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхт цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа энэ цаг үед миний урилгыг хүлээн авч, айлчлал хийж буй явдалд талархал илэрхийлээд, 16 жилийн дараа Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаанд илүү их үр дүн авчирч, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хэлэхдээ, намайг сайхан Монгол орондоо урьсан явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол, Энэтхэг улсын хооронд стратегийн түншлэл тогтоосноос хойш Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс анхны айлчлал болж байна. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, зэвсэгт хүчнүүдийн харилцаа улам гүнзгийрч, хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол улс бол Энэтхэгийн гуравдагч чухал хөрш юм хэмээн онцолсон юм.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн мэргэжилтэн сургах, мэргэжил дээшлүүлэх, энхийг сахиулах болон хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, улам бат бэх харилцааг бэхжүүлнэ гэдэгт санал нэгдэв.

Түүнчлэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэг улсын цэргийн салбарт хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн, өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгийг харилцан тэмдэглэв.