“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

4

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Бидний бахархал” төслийн нээлт 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр ҮБХИС-д боллоо. Тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид оролцсон юм.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг уг төслийг нээж хэлсэн үгэндээ, “Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох асуудлын суурь үндэс болдог. Үүнийг төр, засгаас ихэд анхаарч Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэргээр нэлээд арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна. Улс даяараа бахархан тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр”, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр удахгүй болох гэж байна.

Энэхүү баярын өдрүүдийн өмнөхөн миний бие дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Бидний бахархал” төслийг нээж байгаадаа туйлын баяртай байна. Уг төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм” гэлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын баатрууд, энхийг сахиулах ажиллагаа, цэргийн албаны төрлүүдийг харуулсан үзүүлэн болоод байлдааны техник, хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан юм.

Үүний дараагаар ЦДБЭЧ-ын уран бүтээлчид нийт сурагчдад зориулан эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн урлагийн тоглолтыг өргөн барьсны зэрэгцээ Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид, ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн коллежийн сонсогч нар үзүүлэх тоглолтоо толилууллаа.
Түүнчлэн Монгол Улсын Ардын багш, хурандаа, доктор, профессор Г.Мягмаржав “Монгол эр хүн” сэдвээр илтгэл тавьсан юм.

ДЭСЛЭГЧ Т.ИДЭР