Б.Баярмагнай: ОЙН ХҮРЭЭНД ИРЭЭДҮЙД ЖИШИГ БОЛОХ АЖЛУУДЫГ ӨРНҮҮЛНЭ

65
БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд ямар ажлууд өрнүүлэхээр төлөвлөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Батлан хамгаалахын сайдын 2021 оны эхний тушаалаар БХЯ үүсэн байгуулагдсаны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг баталсан. Хэдийгээр төлөвлөгөө оны эхэнд сайдын тушаалаар албажсан боловч дээрх ойнуудыг тэмдэглэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдан ажил, арга хэмжээ эрчимтэй өрнөж эхэлсэн. Тухайлбал, ойг хэрхэн тэмдэглэх, ямар ажлууд хийх вэ гэдэг дээр харьяа байгууллагууд, эрдэмтэн судлаачид, Шинжлэх ухааны академи зэрэг олон байгууллагаас тодорхой саналууд авсан.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө БХЯ-ны гүйцэтгэсэн үүрэг, яамны түүхийн талаар өнгөрсөн хугацаанд судлагдсан олон ном товхимол, бүтээл бий. Эдгээрийг зайлшгүй тодотгох шаардлагатай. Ялангуяа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд маш амжилттай үүрэг гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явааг энэ ойн хүрээнд тод томруун харуулах ёстой. Монгол цэрэг өнөөдөр дэлхийн цэрэг болж чадсан. Энэ бол том амжилт. Мөн Монгол Улсын сүүлийн 100 жилийн хөгжил, дэвшил Зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой. Энэ бүхнийг нэлээд нухацтай судалж өнөө цагийн залуучуудад ойлгуулан сурталчлах, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал ямар их үнэ цэнээр бидэнд олдсоныг, өвөг дээдэс маань хэрхэн яаж бидэнд өвлүүлснийг мэдрүүлэх нь ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийн нэг амин хэсэг юм. Тийм болохоор хүүхэд, залуучуудад зориулсан олон ангит болон баримтат кино, түүхийн судалбар ном, товхимол зэрэг залуусын оюуны хэрэгцээг хангасан бүтээлүүд хийгдэнэ.
Үүнээс гадна ойн хүрээнд жишиг болохуйц хэд хэдэн томоохон ажлыг яамны болон Зэвсэгт хүчний удирдлага, хамт олон эхлүүлье гэж төлөвлөж байна. Батлан хамгаалах салбарын үе үеийн удирдлага, хамт олон өөрсдийн нөөц боломжид тулгуурлан ажилласаны үр дүнд салбар маань өнөөгийн түвшинд хүрсэн. Гэсэн хэдий ч сүүлийн 20, 30 жилийн хугацаанд манай салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд бага хийгдсэн байна. Энэ нь улсын эдийн засгийн нөхцөл байдал болон бусад олон шалтгаантай холбоотой гэж бид үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдийгээр цар тахалтай нүүр тулж, улс орны хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч салбарын дотоод нөөц боломж болон гадаадын тусламж дэмжлэгийн хүрээнд Зэвсэгт хүчнийхээ нэг ангийг олон улсын жишигт нийцэхүйц хэмжээнд орчин нөхцөлийг нь сайжруулахаар зураг төслийн ажил эхэлчихсэн явж байна. Ойн хүрээнд зөвхөн нэг л ангийг жишиг болгоод зогсчихгүй, цаашид Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд ийм байна гэдгийг бодитоор харуулахыг зорьж байна. Мөн Батлан хамгаалах салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, залуу халуун насаа зориулсан ахмадууд болон алба хаагчдынхаа чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөгжиж дэвжих боломжийг бүрдүүлсэн “Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв”-ийг барьж байгуулах ажлыг эхлүүлж байна. Батлан хамгаалах салбарын удирдлагуудын зайлшгүй анхаарч байх асуудлуудын нэг нь алба хаагчдынхаа нийгмийн асуудал, тэр тусмаа орон сууцных нь асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Сайдын түвшинд бид ярилцаад салбарын алба хаагчдаа хямд өртөг бүхий орон сууцаар хангах, улмаар ипотекийн 6 хувийн зээлд хамруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
Өнгөрсөн хугацаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд монгол цэргийн түүхийг харуулсан цогцолборыг байгуулах ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын хамт олон эхлүүлээд байгаа. Энэхүү ажлыг ойн хүрээндээ улам эрчимжүүлэн олон нийтийн очих дуртай орчин болгож ондоо хүлээлгэн өгөхийг зорино. Ойн хүрээнд томоохон урлаг соёл, спортын арга хэмжээнүүд болон эрдэм шинжилгээний хурал зэргээр олон нийтэд чиглэсэн ажлууд ч нэлээд төлөвлөгдсөн. Энэ мэтчилэн дурдаад байвал хийж хэрэгжүүлэхээр зорьсон олон ажил бий. Цар тахлын нөхцөл байдлаас аль болох үл хамаарч төлөвлөсөн бүхий л ажлыг бодит болгохын төлөө бид хичээнэ.
БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жил гэдэг бол түүхэн ой. Тэгэхээр салбарын төдийгүй улс орны хэмжээнд ач холбогдол өгч ажиллах нь тодорхой. Тиймээс нийгэм рүү чиглэсэн цөөнгүй ажлууд хийгдэх байх. Энэ талаар ямар ажлууд тусгасан бэ?
-Ойн хүрээнд бүх аймаг, орон нутагт нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажил, арга хэмжээнүүд явагдана. Орчин цагийн Зэвсэгт хүчин хэрхэн хөгжиж, залуучуудын маань ур чадвар хэрхэн сайжирсныг олон нийтэд сурталчлах нь бидний хийх ёстой ажлын нэг. Жил бүр энэхүү ажлыг хийдэг. Энэ жил илүү өргөн хүрээнд хийхээр зорьж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд БОАЖЯ-тай хамтраад “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай салбарын бүхий л нэгтгэл, анги цаашид ногоон орчинд үйл ажиллагаагаа явуулах нь чухал. Орон нутагт хэрхэн мод зүлэг тарьж, ургуулж, түүнийгээ арчлан хамгаалж болдгийг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үлгэрлэх нь нийгэмдээ үзүүлж буй эерэг нөлөөлөл юм. Нэгтгэл, анги бүрийг ногоон болгох хүн хүчний нөөц боломж бидэнд хангалттай бий. Зөв зохион байгуулалт, зөв төлөвлөлт, сэтгэл зүтгэл байхад бүрэн хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Өнгөрсөн хугацаанд бид 2024 он хүртэл хийж, хэрэгжүүлэх ажлаа нилээд нухацтайгаар төлөвлөж, тооцож цаасан дээр буулгасан. Одоо бидэнд үлдэж байгаа богинохон хугацаанд ярихаас илүүтэйгээр нүдэнд харагдаж, гарт баригдаж, олон нийтэд мэдрэгдэх хэмжээнд бодит ажил болгох нь чухал. Тиймээс манай салбарын бүхий л хамт олон өөр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн байж үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийдөө яамны удирдлага, хамт олон ойн хүрээнд аливаа ажил хийгдээд дуусдаг биш цаашид манай салбарт жишиг болоод үргэлжлээд хэрэгждэг тийм ажлуудын эхлэлийг тавих, өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан арга хэмжээнүүдийг улам өргөжүүлэх бодлогыг баримталж байгаа.
Шинжлэх ухаан технологийн зөвлөл ойн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Манай салбарын цаашдын хөгжилд тэр дундаа цэргийн зориулалттай техник, технологи, зэвсэглэлийг сайжруулах, хөгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, инженерүүдийн маань идэвхтэй ажиллагаа маш чухал. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн олон бүтээлтэй танилцсан. Одоо бид тэдгээр бүтээлүүдийг амьдралд, салбартаа бодитоор нэвтрүүлэхэд бодлогын болон хөрөнгө санхүүгийн хувьд дэмжиж, монгол хүн юу бүтээж чаддагийг харуулах цаг нь болсон гэж үзэж байгаа. Ойн хүрээнд манай салбарын эрдэмтэн, судлаачдын хийсэн бүтээсэн бүтээлүүд нь бодитоор олон нийтийн хүртээл болох боломжийг бүрдүүлэхэд Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ажил чиглэгдэх болно.
Ахмад Д.МЭНДБАЯР