Хурандаа Ж.Болдбаатар: ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ БАЙХ НЬ НЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ

477

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч болон түүний харьяа ажлын алба бий болсон зорилго, хэрэгцээ шаардлагын талаар тодруулахгүй юу?
-Батлан хамгаалах тухай хуульд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд ямар үүрэгтэйг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийг томилж, чөлөөлнө гэж заасан. Уг хуулийн заалтын дагуу Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч томилогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын нэгж, түүний үндсэн чиг үүргийг тогтоож өгснөөр ажлын алба бий болсон. Батлан хамгаалахын сайд нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч нь Батлан хамгаалахын сайдын өмнөөс төрийн цэргийн байгууллагад иргэний хяналт тавьж, уялдаа холбоотой ажиллах учиртай юм. Үндсэндээ Батлан хамгаалахын сайдаас Батлан хамгаалах хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Мөн Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/310 дугаар тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн дүрмийг баталсан.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн үндсэн үүрэг юу вэ?
-Батлан хамгаалахын хяналт шалгалт, үнэлгээний бодлого, чиглэлийг тус салбарт тодорхойлж, Батлан хамгаалахын болон Зэвсэгт хүчний хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийг нэгдсэн удирдлагаар хангаж, ажлын уялдаа холбоог зохицуулах, зөвлөмж гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрыг нэгдмэл бодлогоор хангана гэсэн үг.  Үндсэн үүрэг чиглэлийн хүрээнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, норм стандарт, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг гаргана.

Мөн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, гарсан зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх арга хэмжээ, сургалт зэргийг зохион байгуулах юм.

Хяналт шалгалтын байгууллага гэхээр шалгадаг, нөгөө талаас торгож шийтгэдэг гэсэн ойлголттой байж болохгүй. Харин эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байх нь нэн тэргүүний асуудал.  Бидний хувьд нэгдмэл хяналт шалгалтын бодлогыг явуулах ёстой болсон. Энэхүү нэгдмэл бодлого, үйл ажиллагаа нь нэг нь нэгнийгээ ойлгох, хамтран ажиллахаас эхэлнэ. Нэгдмэл бодлогын хүрээнд хууль эрх зүйн гарын авлага, эмхэтгэл гаргаж, сургалтуудыг зохион байгуулна. Дараа нь сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил бий. Дээр дурдсан гурав нь Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны гол ажил нь байх ёстой гэж харж байна. Мэдээж байгууллагад хийгдэх үзлэг, хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх нь бүтцийн нэгжийн хариуцах асуудлуудын нэг. Дараагийн дугаарт төрийн албан хаагч, тэр дундаа удирдах тушаалын албан хаагчийн төрийн албаны ёс зүйн асуудал орж ирнэ. Бид ёс зүйтэй төрийн алба, ёс зүйтэй төрийн албан хаагч гэсэн том ойлголтыг гаргаж тавих хэрэгтэй. Зөрчил дутагдал илрэхээс өмнө төрлийн цэргийн командлал, анги, байгууллагын алба хаагчдад урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь чухал.

Батлан хамгаалах салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн удирдлагад БХЯ-ны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, анги, байгууллагуудын 80 гаруй төсвийн захирагч нар байна. Эдгээр албан тушаалтантай гурван өдрийн сургалтыг гурван төрлийн агуулгатайгаар зохион байгуулсан. Нэгдүгээрт, байгууллагын дотоод хяналт шалгалтыг хэрхэн явуулах тухайд юм. Дотоод хяналт гэдэг нь ганц санхүүгийн асуудал биш. Сахилга, зохион байгуулалт, дэг журам, ашиг сонирхлоос ангид байх, ажилтан, албан хаагчийн ёс суртахуун, зан харилцаа зэргийг хөндсөн. Хүн хоорондын харилцаа нь том соёл байх ёстой. Төрийн ажил харилцаанд суурилсан байдаг. Тиймээс хүн хоорондын харилцааны соёлыг үнэлгээ, дүгнэлт аудит хийдэг үйл ажиллагаатай хэрхэн зохицолдуулах вэ гэдгийг тодорхойлж өгөх нь чухал.

Дараагийн дугаарт, төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хөндөх нь зүйтэй. Салбарын алба хаагчидтай холбоотой зөрчил, дутагдал таслан зогсоогдохгүй  байна. Үүнийг бууруулж, арилгахад сургалтын зорилго, агуулга чиглэгдсэн. Гуравдугаарт, санхүүгийн сахилга батын асуудал. Бид санхүүгийн мэдлэг, боловсрол нимгэнээс асуудал үүсдэг гэж харж байна. Хүний ноцтой хариуцлагагүй үйлдэл, хандлага гэж бодохгүй байна. Санхүүгийн бодлого дутмаг байгаагийн илрэл байх. Энэ чиглэлээр дэмжих хэрэгтэй. Дээр дурдсан бидний үндсэн сургалт маань байгууллагын дотоод хяналт, шалгалтыг хэрхэн явуулах, авилга ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байж, түүнээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг яаж өндөр түвшинд сахих зэрэг асуудлыг хөндсөн. Санхүүгийн сахилга баттай холбож ярихад татвар төлөгч нарын мөнгийг бид хэрхэн зөв зохистой зарцуулж, нээлттэй байлгах вэ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах вэ гэх зэрэг чиглэл бүрээр нь авч үзэх асуудлууд бий.

Бид хяналт шалгалтын байгууллагыг эрх зүй талаас нь хэрхэн, яаж гаргаж ирэх ёстой вэ гэдгийг харсан. Хууль, эрх зүйн хувьд ажиллах нөхцөл боломжоор нь бүрэн хангах ёстой. Бид Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгууллагын дотоод хяналт шалгалт, санхүүгийн хяналт шалгалтыг зохион байгуулах журмуудыг батлуулсан. Дараа нь үүнтэй холбогдуулан гарын авлага гаргаж бүх байгууллагуудад тарааж, сургалт зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалахын сайд “Батлан хамгаалахын нэгдмэл хяналт” сэдвээр батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгжүүдийн алба хаагчдад тодорхой үүрэг чиглэл өгсөн.

Таны хувьд ямар бодлого барьж ажиллах вэ?
-Ер нь Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн гэхээсээ илүү Батлан хамгаалахын сайдын барьж буй бодлого гэж харах нь зөв болов уу. Батлан хамгаалахын салбарт хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн бодлогыг барьж ажиллана. Харин үүнийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч ба түүний ажлын алба зангидаж ажиллах ёстой. Нэг ёсны БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, харьяа аж ахуйн нэгж, байгууллагууд, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, командлал, нэгтгэл, ангиудын хяналт шалгалтын бодлогыг нэгдмэл байлгаж, зангидна гэсэн үг. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд бол Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө энэ салбарыг төлөөлж хариуцлага хүлээдэг. Тиймээс Батлан хамгаалахын сайдын хувьд нэгдмэл бодлого барьж ажиллаж байна. Харин бодлогын доторх агуулга нь урьдчилан сэргийлэх, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү явуулъя гэсэн зорилготой.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч мөрдлөг болгож ажиллах дүрмийн талаар танилцуулахгүй юу?
-Дүрмийн зорилго нь Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг тодорхойлж, түүний үйл ажиллагаатай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино. Мөн үйл ажиллагаандаа Үндсэн хууль, аюулгүй байдал, батлан хамгаалахын багц хуулиуд, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Аудитын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдлөг болгоно. Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн дүрмээр хүлээсэн нийтлэг үндэслэл нь ийм.

Цаашилбал, үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл, эрх үүрэг, ажлын албаны үүрэг, тавигдах шаардлага гээд үйл ажиллагааг нь тодорхой нарийвчлалтайгаар тайлбарласан зүйлс бий.

Хяналт шалгалтаар хэн нэгнийг хянаж шалгана гэж айлгахаасаа илүү урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд  анхаардаг байх учиртай гэж хэлсэн. Ер нь дотоод хяналт шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулахдаа юуг гол болгож ажиллах вэ?
-“Батлан хамгаалахын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг оны өмнө Батлан хамгаалахын сайдын А/294 дүгээр тушаалаар баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчид үүрэг болгосон. Энэхүү журмын зорилго нь БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, харьяа аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалттай холбогдсон харилцааг зохицуулсан.

Үндсэндээ Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, хуулиар олгогдсон эрх бүхий албан тушаалтны гаргасан эрх зүйн баримт бичиг болон энэхүү журмыг удирдлага болгож Батлан хамгаалахын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах юм.

Ингэснээр хяналт шалгалт хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга бодитой, нэгдмэл төлөвлөлт, зохион байгуулалттай, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана гэсэн үг.

Танай ажлын албаны үйл ажиллагаа, үндсэн үүргийн талаар …
-Ажлын албаны хувьд хамгийн чухал нь Батлан хамгаалах салбарт Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцүүлэн хуулиар олгогдсон бүхий л эрх бүхий албан тушаалтан, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын баталсан эрх зүйн баримт бичиг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Мөн Батлан хамгаалахын сайдыг бодит мэдээллээр хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллана. Түүнчлэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд мөрдөгдөж буй хууль, дүрэм журам, норм стандарт, эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох талаар судалгаа шинжилгээ хийх, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах санал зөвлөмж гаргах, хяналт шалгалтын нэгдсэн санг бүрдүүлэх гэх мэтээр зохион байгуулалт, төлөвлөлтийн өндөр түвшинд, аливаад шинжлэх ухаанч байдлаар хандаж ажиллана гэж ойлгож болно.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн дүрэмд ажлын албатай байна гэж заасан. Энэхүү ажлын албаны хувьд тодорхой үүрэгтэй. Тухайлбал, Батлан хамгаалах хууль тогтоомж, төрийн батлан хамгаалах бодлого, хөгжлийн стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хянах төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хяналт-шинжилгээ хийж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Батлан хамгаалахын хяналт, шалгалтын ажлын нэгдсэн төлөвлөлтийг БХЯ, Зэвсэгт хүчний хяналт, шалгалтын нэгжүүдтэй хамтран боловсруулах, тайлан, дүн мэдээг нэгтгэж дүгнэх, гэмт хэрэг, алдаа дутагдлын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, арилгуулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ, сургалт зохион байгуулах гэх мэт үйл ажиллагаатай нягт уялдсан үүрэгтэйгээр ажиллана.

Он гараад Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Батлан хамгаалахын хяналт шалгалтын 2021 оны нэгдсэн төлөвлөгөө, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Засгийн газрын 2020 оны 238 дугаар тогтоолоор 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан “Батлан хамгаалах салбарын гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ажиллах төлөвлөгөө”-г тус тус боловсруулан холбогдох албан тушаалтнуудад танилцуулан батлуулаад байна.

Дээр дурдсан үүргүүдээс таны хэлсэн нэгдмэл бодлого, зохион байгуулалт түлхүү харагдаж байх шиг …
-Төрийн захиргааны удирдлагын тогтолцооны хувьд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын алба, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар гэсэн бүтцийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг нэгдмэл төлөвлөлт, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх боломжтой болсон гэдгийг Батлан хамгаалахын сайд илэрхийлсэн. Мөн Ерөнхий хянан шалгагчийн үйл ажиллагааны бодлогод туссан үндсэн үүрэгт Батлан хамгаалахын болон Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээ дотоод аудитын нэгжийг нэгдсэн удирдамжаар хангах, ажлын уялдаа холбоог зохицуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах тухай тодорхой заасан талаар хэлсэн.  Тиймээс ажлын албаны үүрэг ч үүнтэй нягт уялдсан байх нь зүйн хэрэг юм.

Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ