МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 40 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

45

Хүн төрөлхтөн сансрын уудамд гарсны 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” нэртэй Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 03 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, Монгол хүн сансарт ниссэний болон хамтарсан нислэгийн 40 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Г.Сайханбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНМАУ, ЗХУ-ын баатар, Чингис хаан одонт, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “ХХ зууны Монголын сэргэн мандалтын түүхэнд алтан үсгээр бичигдэх зүйл бол яахын аргагүй малчны гэрт төрсөн хүү одот тэнгэрийн зүг жолоо залсан явдал байлаа. Ж.Гүррагчаа сансрын уудамд гарч анагаах ухаан, биологийн олон туршилт хийсэн нь Монголын шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан юм. Өнөөдөр түүний үйл хэргийг үргэлжлүүлэн залуу үе маань “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээж хөөргөн геофизик, зайнаас тандан судлахад маш их ахиц авчраад байна. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрт сансар судлалыг хөгжүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгасан. Өөрөөр хэлбэл, бид 2050 он гэхэд өөрсдийн гэсэн холбоо, мэдээллийн хиймэл дагуултай болж, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоогоо сайжруулахаар зорьж байна” хэмээн дурдсан юм.

Сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа “Та бүхэндээ сансрын хамтарсан нислэгийн ойн баярын мэнд
хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би одоогоос 40 жилийн өмнө сандарч байсан шигээ сандарч байна. Ийм өндөр шагналуудыг зэрэг хүртэнэ гэдэг миний хувьд асар их хүндэтгэл. Монгол, Орос хоёр улсын ард түмний зүгээс үзүүлж байгаа гүн хүндэтгэл юм. Энэ бол дан ганц миний шагнал бус надтай хамт мөр зэрэгцэн Монголын сансар судлалыг хөгжүүлсээр ирсэн хамт олны ялангуяа миний нөхөр М.Ганзоригийн минь
гавьяа гэдгийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэж хэлсэн.

Түүнчлэн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Ж.Гүррагчаад “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэн”-ий тэмдгийг гардуулж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч М.Ганзориг, түүний гэргий Ц.Ломбо, Монгол Улсын
Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын сансрын багийн гишүүн С.Сайнцог нарт “Хангарьд” одонг гардууллаа.

Үзэсгэлэнд Монголын ШУА, ОХУ-ын ШУА, Одон орон судлал, геофизикийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музей зэрэг 14 байгууллагын сансар судлалтай холбоотой үзмэрүүд дэлгэгдсэн юм.