БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА ТӨҮГ-УУДЫН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

19

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Батлан хамгаалах яамны харьяа Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бизнес төлөвлөгөөг баталлаа.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Батлан хамгаалах яамны харьяа Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг эрчимтэй хөгжүүлэх, үр ашигтай байлгах, сахилга, зохион байгуулалт, байгууллагын зохих стандартыг хангаж ажиллахад удирдлага, шат шатны албан тушаалтнууд өндөр ач холбогдол өгөх ёстой.

Засгийн газраас Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг дэмжих чиглэлд, ялангуяа үр ашигтай байлгах талаар онцгой анхаарч байгаа” гэв. Мөн Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьд тухайн салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг, өөрийн гэсэн орон зайтай байх ёстой зэрэг шаардлага тавигддаг учраас дээрх чиглэлд ахиц, дэвшил гаргаж ажиллах нь чухал гэдгийг Батлан хамгаалахын сайд онцоллоо.

Төгсгөлд нь сайд Г.Сайханбаяр өмнөх онд хүрсэн түвшин, ажлын гүйцэтгэлээ улам ахиулж, үйл ажиллагаагаа чанаржуулан, иргэдэд хүрэх үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох зэрэг асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгч удирдлагуудад ажлын амжилт хүссэн юм.