ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

66
Батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын үүрэг оролцоо, хүчин чармайлт, дэмжлэг маш чухал. Тэр утгаараа өнөөдөр засгийн газрын гишүүдийн хамт шинээр томилогдсон элчин сайд нартай уулзалт хийж, салбарын гадаад харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Монгол Улс батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, төрийн батлан хамгаалах бодлого болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд гадаад бодлого нэгдмэл байх, энхийг эрхэмлэх үндсэн зарчмуудад тулгуурлан хамтын ажиллагааны арга хэлбэрийг хоёр болон олон талын эрх зүйн баримт бичгээр баталгаажуулан гадаад орнуудтай харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, улс орны аюулгүй байдлын гадаад таатай орчныг бүрдүүлэх зорилт тавин хөгжүүлж байна.
Өнөөдөр Дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. Бүс нутгийн, үндэстэн хоорондын, шашны болон иргэний дайн, зэвсэгт бослого, террорист үйл ажиллагааны тоо, давтамж буурахгүй байгааг 4 тивийн 30 орчим улс, бүс нутагт дайн, зэвсэгт мөргөлдөөн идэвхтэй явагдаж байгаагаас харж болно.
Ийм л орчин үеийн цэрэг-улс төрийн нөхцөл байдалд аливаа улс хоорондын цэргийн хамтын ажиллагаа нь гадаад харилцааны нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь байж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх замаар дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Цаашид батлан хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр хөрш болон АНУ, ХБНГУ, БНТУ, БНЭУ, Япон Улс, БНСУ-тай тогтоосон харилцааны түвшингээ гүнзгийрүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай улс, орны тоог нэмэгдүүлэх, түүнчлэн шинээр Сингапур, Филиппин зэрэг улстай хамтын ажиллагааг эхлүүлэх, Чех улстай цэргийн аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах яриа, хэлэлцээ хийх зорилт тавин ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Удахгүй элчин сайд нарыг томилогдсон улс, гүрэндээ явахаас өмнө дахин уулзаж, батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар нарийвчлан ярилцах төлөвлөгөөтэй байна.