100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

57
Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Цэргийн төв эмнэлгийн түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож буй бөгөөд ойн баярын хурал энэ цаг мөчид МҮЭСТО-д зохион байгуулагдаж байна. Баярын хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.
May be an image of 1 person, standing and text
Тэртээ 1921 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн суурийг Бүх цэргийн зөвлөл, Их жанжин Д.Сүхбаатарын тушаал, санаачилгаар “Өвчтэй хүнийг эмчлэх Түвд-Европ эмнэлгийн холимог хороо” нэртэйгээр, 210 ортой улсын хэмжээний анхны Шинжлэх ухааны эмнэлэг нээгдсэн түүхтэй. Энэ цаг үеэс эхлэн тус эмнэлэг нь анхны гэх тодотголтой олон арван ажил, арга хэмжээ, үйл явдлын эхлэл суурийг тавьсан гэдгийг түүх гэрчилнэ. Тухайлбал, анхны амбулаторын үзлэг, эмчилгээ, мэс заслын, дотрын, уушгины өвчнийг эмчлэх тасгууд нээсэн, эмчилгээ оношилгооны удирдамж заавруудыг боловсруулсан, мэс засал, гэмтлийн чиглэлийн олон арга технологийг нэвтрүүлсэн гээд анхны тодотголтой урт жагсаалт үүснэ. Түүнчлэн цэргийн эмнэлгийн эмч, сувилагч, ажилчид нэгэн зууны түүхэн хугацаанд болсон дайн байлдаан, улс орныг хамарсан гамшиг, халдварт өвчин, дэлхийг хамарсан цар тахал, даян дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоохоор энхийг сахиулах ажиллагаа, энх цагийн бүтээн байгуулалт зэрэгт оролцож олон мянган цэрэг эрс, олон мянган хүмүүний алтан амийг аварсан хос тангарагтаа үнэнчээр зүтгэсэн ачтанууд билээ. Эл түүхэн хугацаанд Цэргийн төв эмнэлэг нь 1955 онд Алтан гадас, 2017 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан төдийгүй эгнээнээсээ Монгол Улсын баатар, ардын эмч, төрийн соёрхол, гавьяат эмч, эрдэмтэн докторуудыг хэдэн арваар нь төрүүлэн гаргажээ.
Ийнхүү түүхт 100 жилийнхээ ойтой учран золгож, эл ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн яг энэ цаг мөчид баярын хурлаа зохион байгуулж байна.