“ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА

459

Монгол Улсын “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдсэн хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн байгууллагын төлөөллүүд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ЗХЖШ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, мөн түүнтэй уялдсан дэд ажлын хэсэг энэхүү шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Туршлагатай баг ажилласан. Батлан хамгаалахын сайдаас өгсөн чиглэлийн дагуу эцэслэсэн найруулгын төсөлд Төрлийн цэргийн командлалууд, Төрийн цэргийн байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын саналыг дахин авч, яаманд хүргүүлээд байна. БХЯ-ны СБТГ санаачилга гарган ЗХЖШ-тай хамтраад өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 2019 онд батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн хувьд, Төрийн цэргийн байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгаа нь харагдсан. Ийм учраас дүрмийн төслийг шинэчлэн боловсруулахаар ажилласан. Дүрмийн төслийг Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Уг дүрмүүдийг чамбайруулах, үйлчлэх хугацааг нь уртасгах, хэрэгжих боломжийг бодьтой байлгах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлыг илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.

Энэ үеэр ЗХЖШ-ын ХШҮГ-ын дарга, ажлын хэсгийн гишүүн, хурандаа Ж.Өсөхбаяр Монгол Улсын “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн шинэчилсэн найруулгын төслийн ерөнхий танилцуулгыг хийсэн юм.

Танилцуулгад өмнөх онуудад батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүд нь тухайн үеийн Зэвсэгт хүчний үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг байж чадсан боловч улс төр, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хууль эрхзүйн орчны өөрчлөлтүүд нь Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд мөн өөрчлөлт авчирч байгааг дурдсан. Мөн орчин үеийн нийгмийн харилцаа, хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлтэд нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн гэлээ.