МЭНДЧИЛГЭЭ

231

Монгол Улсын нийт иргэддээ болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний ахмад дайчид, зорилго нэгт алба хаагчид Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч Та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд 2011 оноос хойш “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Бид орчин үеийн техник, технологийн ололт, шийдлийг цэргийн хэрэгт нэвтрүүлж Зэвсэгт хүчнийхээ инженер-техникийн ажилтнуудын хүчээр зарим төрлийн байлдааны болон хөнгөн хуягласан, тусгай зориулалтын техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон богино долгионы дунд чадлын радиостанцыг амжилттай зохион бүтээж, зэвсэглэлд хүлээн авлаа.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 онд Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын барилга, Тавантолгой түлш ТӨҮГ-ын түүхий эдийг тээвэрлэх, Хөвсгөл нуурын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, Замын-Үүд боомтын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн бүтээн байгуулалтад болон улс орон, нийслэл хотын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Богдхан төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бусад томоохон бүтээн байгуулалтын ажлуудад Зэвсэгт хүчний үүрэг оролцоо онцгой ач холбогдолтой юм.

Монгол цэрэг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, энхийг сахиулагчдын үйл хэргийг алдаршуулах, Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг шинээр бэлтгэж үүрэг гүйцэтгүүлэх зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, цаашдын ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд ивээх болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР