БАТЛАН ХАМГААЛАХЫН ЕРӨНХИЙ ХЯНАН ШАЛГАГЧ ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАВ

40

Улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин, тэр дундаа барилгын цэрэг, инженерийн цэргүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их. Эл түүчээ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох буйгаар арвин түүхээ баяжуулсаар байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Цогтцэций сумын өртөө, барилга байгууламж, Таван толгой-Зүүн баян, Зүүн баян-Ханги чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний 40 гаруй нэгтгэл анги байгууллагын 600 гаруй алба хаагч гар бие, сэтгэл зүрх нэгтэйгээр оролцож байна.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 6-8-ны өдрүүдэд дээрх бүтээн байгуулалтын ажил явагдаж буй Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллалаа. Энэ үеэр Зэвсэгт хүчний ангиудын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, тулгамдаж буй асуудалтай нь газар дээр нь танилцаж судлахын зэрэгцээ шийдвэрлэх, цэргийн албаны зохион байгуулалтын байдалтай нь танилцсан юм. Мөн алба хааж буй цэргүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад харихдаа мэргэжлийн чиг баримжаатай, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм.

Түүнчлэн энэ үеэр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилласан бөгөөд ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Г.Гантөр ангийн товч танилцуулгыг хийж, тулгамдаж буй зарим асуудлын талаар мэдээлэл өгөв.

Үүний дараа Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар бие бүрэлдэхүүнтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо.