БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРААС ТӨРӨН ГАРСАН ГАВЬЯАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

54

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон сайдын зөвлөлийн гишүүд тус салбараас төрөн гарсан гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат холбоочин, дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир, ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, чөлөөнд байгаа хошууч генерал Б.Эрдэнэбат, ҮБХИС-ийн зөвлөх профессор, доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, чөлөөнд байгаа хошууч генерал Н.Жалбажав, ҮБХИС-ийн ахмад багш, гавьяат багш, чөлөөнд байгаа хурандаа Я.Мягмарсүрэн, Улсыг агаарын довтолгооноос хамгаалахын цэргийн байлдааны сөнөөгч онгоцны 1 дүгээр зэргийн нисгэгч, гавьяат нисгэгч, чөлөөнд байгаа дэд хурандаа С.Шаравсамбуу, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг эрхэлсэн нэгдүгээр-нисгэгч, гавьяат нисгэгч, хурандаа Н.Баясгалан, Цэргийн төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хүний гавьяат эмч, хурандаа Р.Баянмөнх, ЗХЖШ-ын цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, асан чөлөөнд байгаа хурандаа Г.Цэрэнсүх, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан, гавьяат тээвэрчин бэлтгэл ахлах ахлагч Ж.Моломжамц, “Бөртэ” ТӨААТҮГ-ын ахмад ажилтан, үйлчилгээний гавьяат ажилтан Ё.Мягмарсүрэн нарын ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт, аюулгүй байдал, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа эрхэм хүндэт гавьяатууд та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн онд Монгол Улсын түүхэн томоохон тэмдэглэлт ойнууд тохиож, энэ жилийн хувьд тэмдэглэн өнгөрүүлэх завшаан гарсан. Энэ ч үүднээс Зэвсэгт хүчний 100, 101 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний анхаарсан нэг ажил бол үйлс гавьяагаараа манлайлагчдынхаа ажлыг төр, засагт үнэлүүлэх, үүгээрээ дамжуулж Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ үнэлэмжийг дээшлүүлэхэд байлаа. 2021, 2022 онд Батлан хамгаалах салбараас 20 гаруй хүн гавьяат цолоор шагнагджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, мөн төр, засгаас манай салбарыг ихээхэн үнэлж байгаагийн тод илрэл гэж ойлгох хэрэгтэй. Эрхэлсэн албандаа үнэнч, үлгэр жишээчээр ажиллаж, байгаа та бүхэн салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөн, төрийн дээд цолоор шагнагдсан генерал, ахмадууд та бүхэнд сайдын зөвлөл болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрхэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн ахмад дайчин, гавьяат холбоочин, чөлөөнд байгаа дэд хурандаа “Гавьяатууд бид Батлан хамгаалахын сайдын хүндэтгэлийг хүлээнд авч байгаадаа маш их баяртай байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын байгуулсан үйлс, хийж гүйцэтгэсэн ажил, үйл хэргүүд бидэнтэй салшгүй холбоотой учраас энэ ийм их хүндлэл хүлээж байгаа болов уу. Миний хувьд өндөр насыг насалчихлаа, Жанжин тугийнхаа намираанд жаргал зовлонг ч туулж явлаа, жагсаалын сүрийг бадрааж явлаа. Би жанжин туг, дайчин туг, алтан соёмбот төрийн далбаагаа шүтэж явдаг хүн. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн өмнө гавьяат цолоор шагнагдахдаа Монгол Улсын төлөө зүтгэе гэж ёсолсон. Батлан хамгаалахын сайдын хүндэтгэлийг хоёр ч удаа хүртлээ, тун баяртай байна. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цэлгэр сайхан ирээдүй, цэлийж байна” хэмээв.