БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

76

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Батлан хамгаалахын сайдыг Богдхан уулын зүүн энгэр Шажин хурахын аманд хүрэлцэн очиход Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа М.Болдбаатар угтан авч, бэлтгэл сургуулилтын талаар мэдээлэл өглөө.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр торгон цэргүүдийн Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолын бэлтгэл ажилтай танилцсаны дараагаар “Та бүхэн түүхэн их ойн баяр наадмын бэлтгэлийг сайн базааж байна. Бүх талын бэлтгэл, сургуулилт сайн байгаагийн зэрэгцээ адууны өнгө зүс, тарга тэвээрэг сайхан байгааг харлаа. Наадмын хамгийн оргил, үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж огшоосон, гадна дотнын зочид төлөөлөгчдийг гайхшируулдаг үйл явдал бол Есөн хөлт цагаан тугийг залах энэ үе. Төрийн наадмын гол утга учир нь энэ. Үүнээс илүү дээд төрийн ёслолын арга хэмжээ гэж үгүй. Жилдээ ганц удаа тохиодог энэхүү төрийн ёслолын ажиллагааг үзэх гэж олон хүн хүсэж, хүлээдэг. Энэ хүндтэй үүргийг та бүхэн гүйцэтгэнэ. Үлдсэн хугацаанд бэлтгэл сургуулилтаа улам жигдрүүлээрэй” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүсэж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Үргэлжлүүлэн “Найман шарга” амралтын газар хүрэлцэн очиж БХЯ-ны харьяа Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас баяр наадамд оролцох бөхчүүд, сурчид, шагайн харваачдын бэлтгэлтэй танилцсан юм. Мөн үндэсний бөхийн сорилго барилдаан, сурчид, шагайн харваачдын тэмцээнийг үзэж сонирхлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд “Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил ид өрнөж байна. Хоёр жил дараалан “Ковид-19”-ийн цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэлгүй өнжсөн. Өнжиж байсан тохиолдол тун цөөн. Энэ жил тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэнэ. Тэр ч хэрээрээ түмэн олны хүлээлт өндөр байна. Хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадамдаа түмэн олноо баясгаж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ нэрийг өндөрт өргөж сайхан амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хамгийн сүүлд буюу Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 нь “Алдар” спорт хорооны тамирчид байсан нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт аж.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү нар ажиллав.