Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ААВ, ЭЭЖҮҮД ХҮҮХДҮҮДЭЭРЭЭ БАХАРХАН СЭТГЭЛ АМАР БУЦАВ
2019 оны 02 сарын 28 | enkhtuvshin
   

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Болдбаатар, Орхон, Дархан-Уул аймгаас Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн 40 гаруй байлдагчийн ар гэрийн төлөөлөл болох 30 орчим хүмүүс тус ангид зочлов. Тэдэнд ангийн товч танилцуулга, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолт зэргийг сонирхуулж, цагийн хуваарийн дагуу оройн зугаалгад байлдагчид эцэг, эхийн хамтаар гарч, эх орныхоо төрийн дуулал дор Монгол улсын Төрийн далбааг буулгасан юм. Маргааш нь байлдагч нар аав, ээжийнхээ хамтаар өглөөний хоолонд орсон юм. Энэ үеэр зарим байлдагч “Цэргийн алба хааж байх хугацаандаа байтугай гэртээ ч аав, ээжтэйгээ нэг ширээний ард сууж зоог барьсан нь ховор” гэцгээж байв. Үүний дараа эцэг, эхчүүдийг цэргийн амрах байр, хичээл, сургууль явагддаг өрөө тасалгаатай танилцуулж, ангид ашиглагдаж байгаа зэвсэг, техникүүдийг үзүүлж сонирхууллаа. Хол газраас богино хугацаанд ирсэн аав, ээж нар сар шинийн идээнийхээ дээжээс хүүхдүүддээ амсуулаад, алба хааж байгаа байдалд нь сэтгэл хангалуун нутаг буцах болж, эргээд хэзээ ч давтагдашгүй энэхэн дурсамж, цаг хугацааг аргамжин авч үлдэх дурсгалын гэрэл зургаа татуулснаар буцсан юм.

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
Байлдагч Б.Отгонбаярын ээж Д.ОЮУНЦЭЦЭГ:

“Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан батлан хамгаалахаа тангараглая” хэмээн эх орондоо тангараг өргөж, үеийн нөхөдтэйгөө жигдрэн жагсаж байгаа хүүгээрээ бахархаж байна. “Эр өсөж эсгий сунана” гэдэг ёстой л голыг нь олсон үг юм даа. Саяхан л сурагчийн цүнхээ даахтай үгүйтэй явж байсан хүү маань буу үүрээд цэргийнхэн дунд домог мэт яригддаг олон сайхан дурсамжтай Зүүнбаянд алба хааж байгаад олзуурхаж байна. Хугацаат цэргийн алба ганцхан жил хэдий ч насан туршдаа бахархан ярих сайхан дурсамжийг залуучуудад үлдээдэг нандин, бахархалт алба гэж бодож явдаг. Хүүгээ ядарч байгаа болов уу гэх мэт олон асуудлуудаас болоод нойр хугас хонох үе байдаг л байлаа. Эр цэргийн албаа нэр төртэй хааж байгааг хоёр ч удаа зорин ирж бодит байдалтай нь танилцаад сэтгэл амар буцах гэж байна. Ер нь ихэнх залуучууд цэрэгт алба хаах үедээ өөрийгөө таньж, үнэлж, өөрийн нөөц боломжоо нэмэгдүүлдэг гэж бодож байна.

АХУЙ ХАНГАЛТ АРИУН ЦЭВЭРТ ОНЦГОЙ АНХААРДАГ НЬ ИЛТ БАЙВ
Байлдагч Л.Төрмандахын ээж Б.ЭНХТУЯА:

Хүүгээ хугацаат цэргийн албаа сайн хааж байгааг хараад сэтгэл хангалуун байна. Анги, байгууллага нь ч тохилог, дулаан юм. Цэргийн хоолны амт чанар сайн байв. Бид цэргүүдийг өглөөний бослогоос авхуулаад оройн зугаалга хүртэлх хугацаанд хамт байж, тэдний нэг өдрийн амьдралыг биеэр мэдэрч, харж сонирхлоо. Цэргийн байрт нэлээд хугацааг хүүтэйгээ хамт өнгөрөөсөн. Саван, ариун цэврийн цаас гэх мэт хүүгийнхээ хэрэглэж байгаа эд, аж ахуйн хэрэгсэл, чанар байдалд нь хувьдаа “сайн” дүн тавьж байна. Та бүхэндээ баярлалаа.

СУРГУУЛИАСАА ЧӨЛӨӨ АВЧ, АЛБА ХААХ СОНГОЛТЫГ ААВ НЬ ДЭМЖСЭН
Байлдагч Б.Мөнхцогтын аав Я.БААТАРХҮҮ:

Аав нь хүүгээ цэргийн албаа нэр төртэй хааж, үеийн нөхөдтэй мөр зэрэгцэн цэргийн эрдэмд шамдан боловсорч байгааг нь харахд үнэхээр сайхан байна. Цэргийн албыг хааж байсан хүний хувьд сайн, мууг сайн мэднэ. Хүү маань МУИС-д санхүүч мэргэжлээр сурч байгаад хоёрдугаар дамжаанаасаа чөлөө авч өөрийн хүсэлтээр цэрэгт явахаар болсон сонголтыг нь би ихэд дэмжсэн. Эх орныхоо дуудлагаар цэргийн зарлан дуудах хуудас өвөртлөн албаа нэр төртэй хааж, ангийн байлдааны тугийн өмнө дурсгалын зургаа татуулсан нь бахархалтай.

"Соёмбо" сонин, дэслэгч А.Алтанхуяг

Үйл явдалын хуанли
MARCH 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 4597150
Өнөөдөр зочилсон 3861
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.