Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
М Э Н Д Ч И Л Г Э Э
2020 оны 03 сарын 17 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчдадаа, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Монгол цэргийн түүх нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүх юм. Монголчууд эрт цагаас цэрэг-захиргааны нэгдмэл тогтолцоотой байж, газар нутаг, тусгаар тогтнолоо цэргийн хүчээр хамгаалсаар ирсэн бөгөөд цэрэг эрсийнхээ сүр хүч, сүлд хийморьт шүтэж, тэднийхээ алдар гавьяа, амжилт ололтыг бахархан дуурайж ирсэн билээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан 3 дугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон байдаг.

Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Энэхүү баяр нь чухамдаа улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээг түүчээлэн улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцнаа дуурсган эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа гайхуулан байгаа бахархам гавьяа, бахдам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангахад чиглэгдсэн олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний оролцох оролцоо, үйл ажиллагааны цар хүрээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан цэргийн алба хаагч, техник хэрэгслийг бүтээн байгуулалтад оролцуулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах нэгжийг Зэвсэгт хүчний тайван цагийн бүтцэд бий болгосны зэрэгцээ кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүллээ. Цаашид барилга, инженерийн төрлийн цэрэг, кибер аюулгүй байдлын мэргэжлийн цэрэгтэй болох эрх зүйн суурийг тавилаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050 болон уг бодлогыг 2020-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлж бэхжүүлэх зорилго, зорилтуудыг тодорхойллоо. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу “Аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г анх удаа батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид ч улс орны батлан хамгаалах чадавх, аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл тогтолцоог боловсронгуй болгох, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр олон ажлыг та бүхэнтэйгээ хамтран шийдвэрлэх болно.

Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж буй Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

Үйл явдалын хуанли
JULY 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 6106282
Өнөөдөр зочилсон 2349
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.